Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр /2024.12.23/ хэсэгчлэг хуралдлаа. Хуралдаанаар өвөлжилт, цаг агаарын байдал, ханиад томууны дэгдэлт зэрэг цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг хэлэлцэн шаардлагатай зарим үүрэг даалгаврыг өглөө.
Дархан-Уул аймгийн хувьд одоогоор өвөлжилт хүндрээгүй хэвийн. Нийт нутгаар цасны зузаан 10см хүртэл байна. Томуу, томуу төст өвчинтэй холбоотой амбулаторийн үзлэг өмнөх 7 хоногоос 20 хувиар буурсан. Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг болон нэмэлтээр нийт 154 ор дэлгэсэн. Эмчилгээ үйлчилгээ хэвийн байна.
Аймгийн хэмжээнд цаг үеийн нөхцөл байдал өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хэмжээнд хүрээгүй. Гэхдээ өвөлжилт хүндэрсэн тохиолдолд авч хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүдээ тодотгохыг сумдын Засаг дарга нарт даалгалаа.
Мөн:
- Өнөөдрөөс эхлэн 1,2-р ангийн сурагчдын амралт эхэлж буйтай холбоотой хүүхдүүдээ малд явуулахгүй байхыг малчид, мал бүхий иргэдэд анхааруулахыг ОБГ, МТА-нд,
- Галлагааны улиралд бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах, ил задгай үнс нурам асгахгүй байх, галын болон, угаарын хийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхааруулахыг аймгийн ОБГ, МТА-нд,
- Агаарын чанар, цаг уурын нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг АОК-ын ШШ-д 7 хоног бүр гаргаж өгч, иргэд олон нийтэд урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээллийг цаг тухайд нь өгөхийг УЦУОШГ, МТА-нд,
- ЗГ-ын тогтоолоор бүрдүүлдэг аймаг, сумдын аюулгүй нөөцийг газар дээр нь биечлэн шалгахыг ХХААГ-ын даргад тус тус үүрэг болголоо.
Аймгийн ОК-т иргэд, ААНБ-аас цугласан 13 нэр төрлийн 55.7 сая төгрөгийн бараа, материалыг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед малчдад тусламж болгон олгохоор шийдвэрлэлээ.
Өгсөн үүрэг даалгавартай холбоотой хэрэгжилтийн тайлан мэдээллийг аймгийн ОК-ын Шуурхай штабт хүргүүлэхээр тогтлоо.



